The Swedish Migration Agency logotype

Орогнол хүсч буй ЛГБТ-хүн танд

För dig som är hbtq-person och söker asyl – mongoliska

Та өөрийн бэлгийн чиг хандлага, хүйс, хүйсийн илэрхийлэл, хүйсийн хувьд би хэн бэ гэдэг ойлголт эсвэл нийгмийн аль нэг бүлэгт хамаардагаасаа болж мөшгөгдөнө гэж айх сайн үндэслэлтэй шалтгаантай бол та дүрвэгч болон Шведэд хамгаалал авах эрхтэй хүн байх магадлалтай. Дүрвэгчийн конвенц, Шведийн хууль ба ЕХ-ны дүрэм журамд ингэж заасан.

Орогнолын өргөдөл ба дүрэм журам

Мөшгөлт нь таны амь эсвэл эрүүл мэндэд чиглэсэн заналхийлэл эсвэл хүчирхийлэл байж болно. Гэвч энэ нь мөн хууль, журам эсвэл хүмүүсийн үзүүлэх хандлага байж болно, тиймд та өөрийн бэлгийн чиг хандлагаас болж ноцтой доромжлолд өртвөл үүнийг бас мөшгөлт гэнэ. Үүний жишээ бол та сургуульд явах, ажил сонгох эсвэл эмнэлгийн тусламж авахад чадахгүй, шийтгэгдэх эсвэл ялгаварлан гадуурхагдах явдал юм.

Өөрийн яс үндсийн харьяалал, шашин шүтлэг, хүйс эсвэл бэлгийн чиг хандлагаас болж мөшгөгдөх ямар нэгэн айдасгүйгээр улс төрөөр санал бодлоо чөлөөтэй хэлэх, оролцох эрх таныг мөн Шведэд үлдэх эрх өгөх нэгэн жишээ юм.

Мөшгөлтийг таны эх орны эрх мэдлийн байгууллагын зүгээс үзүүлсэн байх эсвэл таны гэр эсвэл өөр хүмүүс таныг заналхийлсний аль нь ч байж болно. Цагаачлалын алба таныг ирээдүйд эх орондоо эргэж очвол танд юу тохиолдож болох, мөн таны хэлсэн тэр мөшгөлтөөс таны эх орны эрх мэдлийн байгууллагууд таныг хамгаалах чадвартай байна уу үгүй юу, мөн тэд тэгэх хүсэлтэй байна уу үгүй юу гэдгийг судална.

Цагаачлалын алба таныг өөрийн тань бичиг баримтад байгаа нэр, төрсөн огноо ба албан ёсны хүйсээр орогнол хүсэгчээр бүртгэнэ. Шведийн хууль биднийг таныг бүртгэхдээ өөр нэрээр бүртгэхийг зөвшөөрөхгүй, гэхдээ та ямар нэгэн өөр дуудах нэр эсвэл төлөөний үг хэрэглэхийг хүсч байгаа бол бидэнд хэлээрэй тэгвэл бид энэ тухай тэмдэглэл хийнэ.

Судалгаа

Цагаачлалын алба танд хамгаалал шаардлагатай эсэх, мөн Шведэд оршин суух зөвшөөрөл авах ёстой эсэхийг шийдэхдээ тантай ярилцлага хийж, таны амьдрал ямар байгаа болон яагаад чухам та эх орондоо эргэж очихоос айж байгааг ойлгохыг хичээнэ. Таны орогнох шалтгаан таны бэлгийн чиг хандлага, хүйс, хүйсийн илэрхийлэл эсвэл хүйсийн би хэн бэ гэдэг ойлголт бол та үүнийг бидэнд аль болох эртхэн хэлэх нь чухал.

Орогнол хүсэх тухай дэлгэрэнгүй уншина уу

Цагаачлалын алба танд ийм зүйлийн тухай өмнө нь огт уулзаж байгаагүй хүнд ярихад хэцүү байж болохыг мэднэ. Бүр угаасаа хөндлөнгийн хүнд энэ тухай та анхны удаа ярьж байгаа байж болно, мөн хувийн ба нууц зүйлийн зааг хүн болгоны хувьд өөр өөр байдаг. Тэгсэн ч та өөрийн бүх орогнолын шалтгааныг аль болох дэлгэрэнгүй ярих нь чухал. Та хэдийчинээ нарийн мэдээлэл өгнө, тэр нь төдийчинээ Цагаачлалын албад шийдвэр гаргахад сайн суурь болно. Судлаач мөн таны бэлгийн чиг хандлага, хүйсийн илэрхийлэл эсвэл хүйсийн хувьд би хэн бэ гэдэг ойлголтын талаар, таны энэ тухайгаа бодсон бодол мөн мэдэрсэн зүйл, мөн та гэр бүл, найз нөхөд ба амьдарсан нийгэмтэйгээ хэрхэн харьцаатай байсан тухай асуултууд тавина. Бид нууцлах үүрэгтэй тул бид таны бидэнд ярьсан зүйлийг хэргийг тань шийдэхэд оролцох хүмүүсээс өөр хүнд ярихгүй.

Та ярилцлага хийж буй гардан гүйцэтгэгчийг өөрийн хэлснийг ойлгохгүй байна гэж бодвол, эсвэл гардан гүйцэтгэгчийн асуухгүй байгаа зүйлээр танд хэлэх мэдээлэл бий бол бидэнд аль болох хурдан хэлэх хэрэгтэй. Өөрийн хэргээр шийдвэр гартал ингэхээ хойшлуулж болохгүй.

Та орогнолын хэрэг шийдвэрлүүлэх хугацаандаа сэтгэл тайван байхын тулд хэлмэрч, гардан гүйцэтгэгч ба төлөөлөгчийн хүйсийг аль байх ёстой тухай өөрийн хүсэлтийг гаргаж болно, тэгвэл Цагаачлалын алба таны хүсэлтийг биелүүлэх чармайлт гаргана. 18-аас дээш настай та гардан гүйцэтгэгчтэй өөрийн төлөөлөгчийн хамт уулзахдаа өөртэйгээ хамт орогнол хүссэн хүнийг байлцуулахгүйгээр уулзана. Та ЛГБТ-хүмүүсийн тухай тусгай мэдлэгтэй төлөөлөгч (хэрэв та тийм төлөөлөгч мэддэг эсвэл тийм төлөөлөгч олоход тусламж авсан бол) гаргуулахыг хүсч болно.

Та 18-аас доош настай бол

Цагаачлалын алба орогнол хүсч буй бүх хүүхдийг сонсож, энд хамгаалал шаардлагатай эсэхийг нь тогтооно. Тиймд та Цагаачлалын албанд өөрийн эх орондоо амьдарсан амьдралынхаа тухай, мөн эх орондоо буцвал чухам танд юу тохиолдоно гэж бодож байгаагаа ярих нь чухал. Та 18-аас доош настай ба Шведэд эцэг эх асран хамгаалагчийн хамт байгаа бол Цагаачлалын алба тэднээс: тантай тэднийг өрөөнд байлцуулахгүйгээр ярьж болох уу гэж асуух ёстой. Хэрэв та Шведэд эцэг эх асран хамгаалагчгүй байгаа бол, томилогдсон харгалзан дэмжигчээс: тантай түүнийг өрөөнд байлцуулахгүйгээр ярьж болох уу гэдгийг асууна. Та гардан гүйцэтгэгчтэй ярилцах үедээ эцэг эх эсвэл харгалзан дэмжигчээ байлгамааргүй байвал үүнийгээ хэлэх нь чухал.

Хэлмэрч

Үг ба ойлголтууд швед ба монгол хэлэнд ялгаатай утгатай байж болно. Хамгийн чухал нь та өөрт төрсөн мэдрэмж, тохиолдсон зүйлийг дүрсэлж, мөн эдгээр нь таны айж байгаатай яагаад, хэрхэн холбоотой болохыг тайлбарлах ёстой.

Хэрэв та хэлмэрчийг ойлгохгүй эсвэл та хэлмэрчийг таны ярьсан бүх зүйлийг төвийг сахиж өөрөөр хэлбэл аль нэг талын ашиг сонирхлыг баримтлахгүйгээр ярьж чадахгүй байна гэж бодвол, хэлэх хэрэгтэй. Хэлмэрч мөн бэлгийн чиг хандлага, хүйсийн хувьд би хэн бэ гэдэг ойлголт эсвэл хүйсийн илэрхийлэл сэдвээр хэрэглэдэг тусгай үг хэллэгийг мэдэхгүй байж болохыг анхаарна уу. Тиймд та өөрийн хэрэглэж буй үгийг таны хувьд чухам ямар утгатайг хэлмэрчид тайлбарлах нь илүүдэхгүй.

Байр

Цагаачлалын албын ихэнх байранд нэг хүйсийн хоёр ба үүнээс илүү хүнийг нэг өрөөнд байрлуулдаг. Хүмүүс орогнолын хэрэг шийдүүлэх явцад хүлээх шаардлагатай байдаг тул, байрны нөхцөл байдал хүндэрч, байранд зөрчилдөөн үүсч болно.

Та өөрт шаардлагатай зүйлийн тухай эсвэл амьдарч буй байр тань танд тайван баталгаатай биш санагдвал аль болох хурдан хэлэх нь чухал. Таны байранд үүссэн асуудлыг шийдвэрлэхэд танд туслалцаа хэрэгтэй бол бидэнд хэлэх ёстой. Өөрийн харьялагдах Хүлээн авах нэгжийн гардан гүйцэтгэгч эсвэл амьдарч буй байрныхаа ажилчинтай ярина уу.

Эрүүл мэнд

Нэлээн хэд хэдэн хотод тусгай зорилтот бүлэгт чиглэсэн бэлгийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх хүлээн авахууд байдаг. Зорилтот бүлэг нь жишээ нь эмэгтэйчүүд, хүүхэд өсвөр үеийнхэн эсвэл ЛГБТ-хүмүүс байж болно. Өөрийн гардан гүйцэтгэгчээс дэлгэрэнгүй мэдээлэл хүснэ үү.

Сайн дурын байгууллагууд

Та орогнолын хэрэг шийдүүлэх явцдаа зөвлөгөө ба дэмжлэг авах зорилгоор сайн дурын байгууллагуудтай шууд холбоо барьж болно. Та хэдийчинээ өөрийн эрх ба сонголтуудын талаар мэдээлэл сайтай байна, та төдийчинээ хэрэг шийдвэрлэгдэх үе шатууддаа бэлтгэл сайтай байна. RFSL (ЛГБТ-хүмүүсийн эрхийн үндэсний холбоо) нь ЛГБТ-хүмүүсийн эрхийг хамгаалах, мөн орогнол хүсэгч ЛГБТ-хүмүүст тусгай дэмжлэг үзүүлж нийгэмших орон зай үүсгэж ажилладаг сайн дурын байгууллага юм.

RFSL Шинээр ирэгсэд (RFSL Newcomers)external link, opens in new window

Last updated: 13 May 2020

Was the information on this page helpful to you?